НийгэмХураангуй мэдээ
Дархан Хайрхан уулыг тайх ёслол болж байна
16 дахь жилдээ зохион байгуулж буй Дархан Хайрханы тахилгад албаны удирдлагууд, нутгийн зон олон оролцлоо. Анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дархан Хайрхан” уулыг тайх уламжлалыг сэргээж жил бүр тайж байхаар шийдвэрлэж, хайрханаа тахих төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг баталж хэрэгжүүлснээс хойш жил бүр тайж байгаа юм.
Тус хайрхан нь “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн төвшнөөс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч байршдаг.
Дархан Хайрхан уулыг 1704 онд байгуулагдсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалын үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.