Хосуудын оюутан байхдаа эхлүүлсэн буйдангийн бизнес өргөжиж 5 аймагт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна
Буйдан хүргэлтэд ажиллаж байхдаа буйдан хийх санаа төрж утаа униартай нийслэлээс орон нутгийг зорин ирж айлуудын хуучин буйданг бүрж өгөх ажлаа эхэлсэн гэж “Хан хөхий” брэндийг үүсгэн байгуулагч Б.Анхбаяр ярив. Багадаа ээжээсээ сурсан оёдол хийдэг чадвар нь түүнийг бизнесээ эхлүүлэхэд дөхөм болсон төдийгүй модоор юм хийх хобби нь ч түлхэц болж эхнэртэйгээ хамт зориг шулуудан буйдан бүрж, шинээр хийх өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж байжээ.
Анхны захиалгын ард гарахад шантармаар санагдсан ч хуучин буйданг нь шинэ мэт болгосныг хараад баярласан үйлчлүүлэгч нь гэртээ урьж гарын хоолоор дайлсан найрсаг бас урам өгсөн үйл явдал гэр бүлийн хоёрыг бизнесээ өргөжүүлэх бодлыг бататгасан анхны алхам байжээ.
Мэргэжлийн биш залуухан байсан болохоор материал сонголтоос эхлээд алдаа гарах, хэд хэдэн удаа засварлах үе олон байсан ч тууштай хөдөлмөрлөсний үр шимээр өнөөдөр тэд салбартаа нүүр бардам бүтээгдэхүүнээ танилцуулж байнгын үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн үнэлгээгээр бизнесээ өргөжүүлж явна.
Хан хөхий гэж өсөж төрсөн уул усныхаа нэрээр нэрлэсэн бүтээгдэхүүнээ аль болох хүний биед ээлтэй, эдэлгээ удаантай чанартай хийж өгөхийг зорьдог. Нэг сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дагаад л дараагийн бүтээгдэхүүний захилга орж ирдэг бизнесийн бичигдээгүй хуулиар борлуулалтынхаа сувгийг тэлж, ажилчдынхаа тоог нэмж, өөрийн гэсэн зориулалтын үйлдвэрлэлийн байртай болохоор хөдөлмөрлөж явна.
Өөрсдийн хүч хөдөлмөрөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, орон нутагтаа ажлын байр бий болгож, эх орны тодотголтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн арддаа тустай үйлс бүтээж яваа эгэл жирийн олон мянган хөдөлмөрч, бүтээлч гэр бүлүүдийн бизнесийн түүх бүр уншигч, сонсогч хэн нэгний сэтгэлийг хийж бүтээх хүсэл тэмүүллээр дүүргэж, эрч хүч урам зориг өгдөг билээ.