Н.Хишигбаатар: Хүмүүсийн хэдэн үеэрээ шимтэх бүтээлийг ханьтайгаа хамтдаа урлаж байна
Зураач болох сонирхолтой залуус оюутны ширээнд танилцаж, Монгол зургийн зураач мэргэжлээр их сургуулиа хамтдаа дүүргэжээ. Эх орондоо төдийгүй хилийн чанадад хэдэн зуун жилийн түүхийн ховор дурсгал болох соёлын өвийг бүтээх үйлээс эхлэн хамтдаа томоохон уран бүтээл дээр ажиллаж явна.
Хамтдаа зурдаг болохоор ямар ч том бүтээлээс сүрддэггүй. Бие биеэ нөхөөд зураад л явчихдаг. Амьд мэт бүтээл урлахын тулд яг л кино зохиол гаргаж байгаатай адилхан зохиол дээрээ төвлөрч, зургаа эхэлнэ. Захиалагчийн сэтгэл ханамжтай талархлын үгийг сонсоод эрч хүч ундардаг гэж хосууд инээмсэглэн ярив.
Уран зураг бол харах яруу найраг гэж нэгэнтэй хэлсэн байдаг. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, түмнийхээ мэлмийг баясгах бүтээлийг түмэн өнгө хольж туурвих уран бүтээлчдийн зорилго нь монгол уран зургийг эх дэлхийн өнцөг булан бүрд үнэлэн таашаах сайхан ирээдүйг бүтээлцэх юм билээ.