Д.Тогмид: 46 жил дугуйтайгаа олон зуун км замыг туулахдаа сайхан дурсамжуудыг бүтээсэн байдаг
Өнөөдрөөс 40 гаруй жилийн өмнө цэргээс халагдаж ирэхэд нь найзууд нь унадаг дугуй унахыг санал болгосноор дугуйн спорттой амьдралаа холбох эхлэл тавигдсан гэж тэрээр ярив. Тэмцээн уралдааны үед 25-180 км хүртэлх замыг дугуйтай туулна. Тэсвэр хатуужил шаарддаг энэ спорт эрүүл мэндийн чухал ач холбогдолтой гэж тэрээр ярив.
Залуу байхдаа Дарханаасаа Улаанбаатар дугуйтайгаа ороод ирнэ. Эрдэнэт, Сэлэнгэ, Булган гээд ойролцоо аймгууд руу дугуйгаа жийгээд л бэлтгэлдээ гарчихна. Ер нь байгалийн сайхан, газар орны уудамтай танилцаж, дурсамж бүтээх боломжийг дугуйн спорт өгдөг гэв.
Халх голын 50 жилийн ойгоор Дарханаасаа Улаанбаатар, Хэнтий, Дорнод , Халх гол, буцахдаа Сүхбаатар аймгаар дайраад 14 хоног дугуйтай тойрон аялал хийгээд орж ирж байсан нь дугуйгаар хамгийн хол аялсан дурсамж байв. Тэрээр одоо 60 хол гарсан ч хөнгөн шингэн, эрүүл саруул байгаа нь байнгын хөдөлгөөнтэй байдаг спорттой холбон тайлбарлаж, ирээдүй хойч үеийг ч дугуйн спортоор хичээллүүлэхийн тулд зааж зөвлөж байна.