Гадаад улсад байгаа иргэд саналаа өгч эхэллээ
Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс эхлэн 21, 22, 23-ны өдрүүдэд саналаа өгнө.
Сонгогчдын төлөөлөл Мөнхбатын Энхцэлмэг сэтгэгдлээ ирүүлсэн байна. Тэрбээр “Би 18 настай. Анх удаа сонгуульд саналаа өгч байна. Осака хотын ахлах сургуульд суралцдаг.
Өглөө босоод дээлээ өмсөөд гарсан чинь Монголдоо явж байгаа юм шиг санагдсан. Сонгууль анх удаа өгөхөд маш сайхан санагдлаа. Өглөө Төрийн дууллаа сонсоод анхны сонгогч болсондоо маш их баярлаж байна. Үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна” гэв.
Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ өгөх юм. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очих юм байна.