АНУ-ын Корнеллийн их сургуульд 100% тэтгэлэгтэй суралцаж буй Э.Билгүүн: Би амьдралын хэв маягийг шингээсэн сургууль байгуулах мөрөөдөлтэй
Дэлхийн топ их дээд сургуульд элсэн суралцах, бүр 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой гэдгийг харуулж амжилттай суралцаж байгаа залуусын нэг бол Э.Билгүүн юм. Түүний хувьд дэлхийд 12-т эрэмбэлэгддэг, АНУ-ын Корнеллийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр (1,2 тэрбум төгрөг) “Олон Нийтийн Эрүүл Мэнд” мэргэжлээр суралцаж байна.
Э.Билгүүн: “Би Дарханы Эмпатид сурдаг байсан. Анх 11-р ангидаа гадаадад тэтгэлэгтэй суралцах зорилго тавиад бэлдэж эхэлсэн. Миний хэлний түвшний хувьд харилцааны тал дээр асуудалгүй ч тэтгэлэг авах хэмжээнд байгаагүй. Өргөдлөө явуулсан эхний жилдээ хүссэн хэмжээний тэтгэлэг авч чадаагүй ч ахин нэг жил бэлдэж явуулаад тэнцсэн. Хүмүүс тэтгэлэг авахад хэлний оноо сайн, дүн сайн байвал болно гэдэг. Гэвч бодит байдал дээр энгийн л бэлтгэл ажил байдаг” гэв.
Анх Корнеллийн их сургуульд очиход ямар мэдрэмж төрсөн бэ?
Анх сургуульдаа очоод өөрийгөө л ганц монгол хүн байгаа юм байна гэж бодсон. Гэвч монгол хүмүүс зөндөө байсан. Таван тивийн янз бүрийн хүмүүс нэг газар цугласан мэт санагдсан. Бүгд идэвхтэй амьдралын хэв маягтай, хоорондоо нөхөрсгөөр мэдлэг чадвараараа уралддаг, цаг бат баримталдаг хүмүүс. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг залуучууд цугларчихсан ч юм шиг. Тэдний энд ирсэн түүхийг сонсвол бүгд л хичээсэн, шаргуу хөдөлмөрлөсөн хүмүүс байсан.
Өргөдлөө илгээх үйл явц ямар байсан бэ?
Дэлхийн шилдэг сургуульд тэнцэх үйл явц мэдээж хэцүү байсан. Нэг сургууль дээр гэхэд л гурван сэдвээр эсээ бичих шаардлагатай. Мэдээж төрөлх хэл дээрээ бичихгүй учир хүндрэлтэй. Тэнцчих л юм бол хүссэн 100 хувийн тэтгэлгээ авна гэдгээ мэдэж байсан учир шантрахгүй хөдөлмөрлөсөн. Миний тэтгэлгийн материал төгс байгаагүй. Гэвч зорьсон хүсэл, мөрөөдөлдөө тууштайгаар хичээсэн учраас л тэнцсэн гэж боддог.
Дэлхийн шилдэг сургуулиуд ямар шалгуураар тэтгэлэг өгдөг бэ?
Миний жишээнээс харахад хэлний маань оноо тулсан сайн биш, гэхдээ шалгуураа давахуйц. Хоёр жилийн хугацаанд өнжиж бэлдэж байхдаа сайн дурын ажил, дадлага, зохион байгуулсан үйл ажиллагааг эсээндээ тусгасан. АНУ-ын их сургуулиуд үндсэн гурван шалгуур тавьдаг. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж чаддаг, том алсын хараатай, аливаа зүйлд чин хүсэл эрмэлзэлтэй хүн эсэхийг л анхаардаг. Үүнийгээ л батлах хэрэгтэй байх.
Таны хувьд ирээдүйд хэн болохыг хүсдэг вэ? Юу мөрөөдөж зорьдог вэ?
Би амьдралын хэв маягийг шингээсэн сургууль байгуулах мөрөөдөлтэй. Өглөө дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл зөв хооллодог, сонирхлоо хөгжүүлж ахиц гаргадаг сургууль гэсэн үг. Миний хувьд Дархан Эмпати сургуудийн дотуур байранд бараг дөрвөн жил амьдарсан. Дотуур байрны амьдралыг цогцоор сайжруулж болох юм шиг санагддаг. Дэлхий даяарх шилдэг хүүхдүүд тэнцээд орж болдог, төлбөр төлөх шаардлаггүй, хэрэгцээт тэтгэлгээр нь хангадаг програмтай сургуулийг үүсгэн байгуулахыг хүсдэг. Энэ мөрөөдөл, зорилгоо биелүүлэх, хичээнгүй, хөдөлмөрч хүн байхыг эрмэлзэнэ гэж л боддог.
Гадаадад сурахаар төлөвлөж буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
АНУ-ын хувьд хүүхдүүд 8-р ангиа төгсөөд 9-р ангиасаа их сургуульд бэлдэж эхэлдэг. Хичээлээс гадуурх үйл ажиллагааг гурваас дөрвөн жилийн турш тогтмол хийж хүүхэд өөрөө тууштай, өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийгөө бий болгосон гэж үздэг. Магадгүй би 9-р ангиасаа бэлтгэж эхэлсэн бол хоёр жил өнжихгүй байсан. Тиймээс гадаадад тэтгэлэгтэй суралцахаар зорьж байгаа бол эртнээс эхлэх хэрэгтэй. Олон зүйлс туршиж үз, өөрийгөө юунд дуртайг олж мэд, хэлээ сайжруул. Сониуч, байгаа бүх мэдээллээ ашиглах л хэрэгтэй гэж хэлмээр байна.
Хүүхдүүдэд инээмсэглэл тодруулан өөрийн туршлагаа хуваалцаж буй тэрээр алс хол Америк улсаас төрж өссөн гэртээ зуны амралтаараа ирсэн. Харин одоо өөрийн сурсан мэдсэн бүхнээ Дарханы хүүхэд залуустай хуваалцаж, ирээдүйн амжилтын замд нь ташуур өгч, урам зориг хайрлах бодит түүхээ хуваалцаж байна.
Зорилгодоо үнэнч, тууштай, хичээнгүй чанар, хүмүүст хүссэндээ хүрэх боломжийг олгодог гэдэг бодит жишээ бол Э.Билгүүн байлаа. Бид том мөрөөдөлөөрөө жигүүрлэн, өөрийгөө хөгжүүлж, мэдлэг чадвараа дээшлүүлэхээр шаргуу хичээж буй хүүхэд залуустаа урам зориг өгөх зорилгоор энэхүү ярилцлагыг бэлтгэлээ.
Бэлтгэсэн: Г.Саруулсанаа