О.Сүлдбаяр: Эрдэнэт хүний амийг аварч, баярлалаа гэх үгийг сонсох хамгийн сайхан
Энэ сарын 11-нд завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан аврагчид голын усанд живж байсан бага насны 3 хүүхэд, 2 иргэний алтан амийг аварчээ.
О.Сүлдбаяр: Зуны дэлгэр цагт онцгой байдлын аврагчид усны аюулаас сэргийлэн завьт болон хөдөлгөөнт эргүүлээр ажилладаг. Баяр наадам, амралтын үеүдэд эрсдэлд орж, аюулд өртсөн хүн их байдаг. Тухайн үед голын гүн хэсэгт тусламж эрсэн 2 хүн харагдсан. Бид шуурхай ажиллаж завинаасаа үсрэн тэдний амийг аварсан. Харин аврагдсан гурван хүүхдийн хувьд бүгд хараа хяналтгүйгээс амь нас эрсдэх дөхсөн ч амжилттай аварч чадсан.
Миний хувьд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын аврагчаар ажиллах хугацаандаа 12 хүний амийг аварсан. Хүүхэд байхад аврагчид хүний алтан амийг аварч, хүмүүс баярлаж талархсанаа илэрхийлж байгааг хараад аврагч болох зорилготой болсон.
Аврагч хүний хамгийн бахархам мөч бол авраад гарж ирэхэд баярлаж талархсанаа илэрхийлсэн хүмүүс байдаг..
Усны түвшин өндөр үед гол, усанд орохгүй байх, өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын газраас сануулж байна.
Эргүүлийн үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж явсан аврагчдадаа Дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье
Бэлтгэсэн: Г.Саруулсанаа