НийгэмХураангуй мэдээ
Дарханчууд НҮҮДЭЛЧИН соёлын фестивальд оролцож байна
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соён гэгээрэл, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 2024 оны 8 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Нийслэлийн Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ы бэлд нээлтээ хийлээ. Энэ сарын 18-ныг хүртэл гурван өдөр үргэлжлэх тус фестивальд 21 аймаг болон нийслэлийн 1600 гаруй өвлөн уламжлагч оролцож байна
Дархан-Уул аймгийн хувьд соёлын биет бус өвийн 90 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг бөгөөд энэ удаагийн фестивальд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна
Тухайлбал: Зан үйл, язгуур урлагийн багт Дархан-Уул аймгийн Залуучууд театрын найруулагч Н.Баярцэнгэл ахлагчтай 17 уран бүтээлчид, бага насны өвлөн уламжлагч 4 хүүхэд, МУСТА, Ерөөлч, магтаалч Дүйнхэрсүрэн, МУСТА, хулсан хуурч Жавзанжав, Ерөөл магтаал, уртын дуу Б.Дарханням, Хотон бий биелгээ Б.Таамж, Ш.Амгалан, Домбор хөгжимчин М.Давани зэрэг 30 гаруй соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч, Ардын авьяастнууд багтсан бөгөөд тэд 3 өдрийн туршид зан үйл, язгуур хэв шинж, нутгийн болон угсаатны онцлогийг харуулсан урлагийн тоглолтыг толилуулна.
Гар урлалын гэрт Дархан-Уул аймгийн зураач урчуудын холбооны тэргүүн Н.Хишигбаатар, эсгий урлаач Т.Жаргалсайхан, Монгол дархан, сийлбэрч Г.Эрдэнэтөгс, уран хатгамалч Б.Цэрэнбалжид гар урлалын бүтээлүүдээрээ оролцож байгаа бөгөөд Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгч Ж.Эрхэмсайхан эртний түүхт хуйлмал номыг урлан, мянган жилийн буурал түүхтэй монгол бичиг соёлын бүтээлүүд, Б.Булганчимэг Найрамдлын Дархан, Үлэмжийн тансаг цуврал бүтээлээрээ тус тус оролцож байна.
Харин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асарт Соёлын биет бус өв, соёлын бүтээлч үйлвэрлэл, “Урам төв”-ийн Монгол наадгай Хөлөгт тоглоом, худалдаа, арьс шир эсгий бүтээгдэхүүний “Дархан ширэн урлал” ХХК-ийн урлаачид, “Хийморь брэнд”-ийн Монгол загварын богцон цүнх, “Дархануулын аав” ХХК-ийн Саван үйлдвэрлэл, эсгий эдлэл, Хөөрөг, даалин, эсгий зураг худалдаалагдаж байна.
Мөн Артгэр Медиа Группийн залуус монгол уламжлалт хоол, идээ ундааны соёлоор оролцож байна.
Мэдээ бэлтгэсэн: Б.Батзориг