Ц.Баттулга: Аав минь тэнгэрийн орноос хүүгээ хараад ямар их баярласан бол…
“Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр манай улсаас хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн “F40” ангилалд дасгалжуулагч ОУХМ Д.Махаширагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдсөн.
Тэрбээр “Парис 2024” паралимпын наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 11.9 метрийн шидэлт хийн мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү Ц.Баттулга паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна.
Мөн паралимпын наадмын Монголын баг тамирчдын зургаа дахь медаль, хоёр дахь мөнгөн медальтан болов. Ц.Баттулга нь 1991 онд Булган аймагт төрсөн. Одоо 33 настай. Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн шүдний эмчээр ажилладаг. Булган аймгийн хурц арслан Цэгмидийн хүү юм.
Тэрбээр өнгөрсөн жил болсон “Ханжоу-2024” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн гран при болон Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай тамирчин юм.
Ц.Баттулга пара хөнгөн атлетикийн “Доха 2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнд өрсөлдөж шагналт долдугаар байрт орсон. Түүний дараа “Кобе 2024” ДАШТ-ий бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдөж наймдугаар байрт шалгарсан. Өмнөд Солонгост болсон “Инчон 2024” Азийн наадмын пара хөнгөн атлетикийн тэмцээнд долдугаар байрт шалгарч, Хятад Улсад 2023 онд болсон “Ханжоу 2022” Ази тивийн пара спортын наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргаж байлаа.
Тэрээр “Аав минь хурц арслан цолтой хүн байлаа. Хүүгээ хараад ямар их баярласан бол…” гэв.