Номын санчид төсөл хэрэгжүүлсэн номын сангуудтай танилцаж, туршлага судаллаа
Дархан-Уул аймгийн Төв номын сангийн 60 жилийн ой, Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан аймгийн Төв номын сангаас өнөөдөр тус аймагт үйл ажиллагаа явуулж буй номын санчдыг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн номын сангуудтай танилцуулж туршлага судлав.
Ажил мэргэжлийн туршлага солилцох, шинэ санаа санаачилга олж харах, номын санчдын уялдаа холбоог сайжруулах, номын сангийн шинэ техник төхөөрөмжүүдийг үзэж судлах зорилготой тус арга хэмжээнд Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Сумдын Соёлын төв, ЕБС, Их дээд сургууль, коллежийн 25 номын санч, Монголын зохиолчдын эвлэлийн Дархан салбарын төлөөлөл зэрэг нийт 30 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр номын санчдад шинэ мэдээ мэдээлэл түгээж мэргэжил аргазүйн зөвлөмж өгсөн юм.
Дархан-Уул аймгийн ШШГГ-ын 445 дугаар ангийн номын сан нь тохижилтын төсөл хэрэгжүүлж 100 хүний багтаамжтай кино театр байгуулжээ. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль болон Ахмадын хөгжлийн төвийн номын сангууд нь орчноо тохижуулж, номын фондоо баяжуулах зэргээр хүүхэд, ахмад настанд ээлтэй орчныг бүрдүүлсэн байна. Мөн шинээр ашиглалтад орсон аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн номын сантай танилцаж идэвхтэй хамтран ажиллахаар болжээ.