НийгэмХураангуй мэдээ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө 94 нэр дэвшигч өрсөлдөнө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-ний Баасан гарагт товлогдсон. Уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасаны дагуу энэ сарын 26-ны өдөр нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, 14 хоног үргэлжлэх бөгөөд санал хураалт болохоос нэг өдрийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас өмнө сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоно.
Харин аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийг тань төлөөлөх төлөөлөгчийг сонгох санал хураалт аравдугаар сарын 11-нд Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт явагдах юм.
Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан бөгөөд 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө 94, Хонгор сумын ИТХ-ын 25 мандатын төлөө 51, Шарын гол сумын 25 мандатын төлөө 51, Орхон сумын 21 мандатын төлөө 42, Дархан сумын 29 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт 298 аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 94 нь буюу 32 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм.