Малчин эмэгтэйчүүдийн орхигдсон эрхийн асуудлуудыг нэгтгэн санал зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад уламжлав

Малчин эмэгтэйчүүдийн орхигдсон эрх сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд гарсан санал зөвлөмжийг аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Монголын Хүний эрхийн үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа нарт гардуулан өглөө.
Малчин Эмэгтэйчүүдийн Манлайлал-2025 зөвлөгөөнөөс нэгтгэн гаргасан 5 санал шийдвэрлэгдэх хүлээлт тавьж, шийдвэр гаргах түвшинд уламжлан ажил хэрэг болгохыг хичээнгүйлэн хүссэн нь малчин эмэгтэйчүүдийн манлайлал-2025 зөвлөгөөний онцлох үр дүн байв
Хамгийн их тулгамддаг цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг нэгтгэн дараах санал зөвлөмж гаргав
1. Өмчлөх эрхийн баталгааг сайжруулах хүрээнд мал, газар, хөрөнгө зэрэгт хамтран өмчлөх эрхийг гэрчилгээжүүлэхдээ эхнэр, нөхрийн аль алиных нь нэрийг бичих эрх зүйн шаардлага бий болгох;
2. Нийгмийн халамж хүртэх эрхийн хүрээнд Үндэсний Статистикийн хорооны даргын 2019 оны А/152 дугаар тушаалын хавсралт болох “Мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллого” гэх МТ1 маягтад өөрчлөлт оруулах;
3. Малчны хүүхдийн сурч боловсрох эрх буюу малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах гэдэг хуулийн заалтын суралцах чиглэлийг нэмэгдүүлэх;
4. Жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэр гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд алслагдмал газарт амьдардаг, мэдээлэл авах боломжгүй, бичиг үсэг үл мэддэггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчдад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлан таниулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх;
5. Малчин эрэгтэйчүүдийн боловсрол, соён гэгээрүүлэх үйл явцад анхаарах зэрэг асуудлуудыг нэгдсэн зөвлөмж болгон холбогдох байгууллагат хүлээлгэн өглөө