С.Саранцэцэг: Нэхмэлийн утсан дунд суухсан гэх мөрөөдлөө биелүүлж урлантай болсон

Дунд ангидаа хөдөлмөрийн хичээл дээр багшаасаа нэхмэлийн зүү барихыг сурч байсан. Нярай хүүхдийн бойтгоос эхлээд том хүний гадуур хувцас, пүүз гутал гэх мэт нэхэж болох бүхнийг л хоббигоороо нэхдэг.
Тэтгэвэрт гарахаасаа өмнө нэхмэлийн утсан дунд л өнжих юмсан гэж боддог байлаа. Тэр мөрөөдлөө биелүүлж жижиг гэлтгүй ажлын байр түрээслээд өдөр бүрийг жаргалтайгаар урлах үйлдээ шамдан сууж байна

Өөрийнхөө өмсөх хувцсыг бүгдийг нь хийдэг. Хүмүүсийн өмсөөд явж байгаа хувцсыг нэг хараад л утас, зүүгээ бариад л нэхэж эхэлнэ. Орчин цагаасаа хоцрохгүй гэж хичээж аль болох загварлаг, өнгөний зохицлыг хослуулан малгай бээлий, хантааз, гутал пүүз гээд л хүссэн бүхнээ нэхдэг.

2500 төгрөгийн хатгамалтай үсний зүүлт, түлхүүрийн оосроос эхлээд 50.000-60.000 чийг татахгүй нэхмэл гутал, цүнх, хантааз гэх мэт урласан бүтээлээ хямдаар худалдаалахыг зорьдог. Нярайгаас насанд хүрсэн хүмүүс хүртэл өмсөх бүхнийг л оёдог болохоор “Донжтой дахин давтагдахгүй загварлаг, чийг татахгүй хямд юм” гээд байнга худалдан авалт хийдэг хүмүүс олон бий…

Нэхмэлийн утас дундаа суугаад урлах мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй гайхалтай. Нэхмэлийн утас авахаар ирсэн хүүхдүүдийг буруу нэхээд шантрахвий гэж болгоомжлохдоо юу нэхэх гэж байна, туслах уу гээд заагаад л өгдөг. Ирээдүйд нэхмэл эдлэлийн дэлгүүртэй болж гоёмсог морин өлгүүрт нэхсэн цамц, гадуур хувцсаа өлгөж, малгай цүнхнүүдээ өрж тавиад дэлгүүрийнхээ нээлтийг хийнэ дээ гэж боддог. Хоббигоороо амьдралаа өнгөлж яваа С.Саранцэцэг хүсэл мөрөөдлөө бидэнтэй ийнхүү хуваалцсан юм.



