Байшингаа дулаалж өөрийн болон бусдын сайн сайхныг дэмжье – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Байшингаа дулаалж өөрийн болон бусдын сайн сайхныг дэмжье

Улаанбаатар хотын иргэн Д.Пүрэв Дулаан шийдэл төслийн хүрээнд амины орон сууцаа дулаалснаар өвлийн улирлын цахилгааны төлбөрөө сарын 400 мянгаас 180 мянган төгрөг хүртэл бууруулжээ. Үүгээр зогсохгүй түүний гэр бүл дулаан тухтай, сэтгэл тэнэгэр гэртээ байж, зуух галлах ажлаас чөлөөлөгдсөн нь цахилгааны төлбөрт хэмнэсэн мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй ч байж болох юм. Түүний энэ шийдвэр орчны
агаарын бохирдлыг бууруулж, өөрийн болон гэр бүлийн гишүүд, хөршүүд болон хотын иргэдийн эрүүл
мэндийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
НҮБ-аас гаргасан нэгэн судалгаанд гэрийн дотор орчны бохирдлын улмаас Монгол Улсын хэмжээнд
жил бүр ойролцоогоор 4,350 хүн нас бардаг бөгөөд ДНБ-ний 7.6 хувь (3.9 их наяд төгрөг)-тай тэнцэх эдийн засгийн алдагдал гардаг гэсэн тооцоо хийжээ. Уг судалгаанд дотор орчны бохирдол нь хүн амын бүлгүүдэд харилцан адилгүй нөлөөлдөг ба гэртээ олон цагийг өнгөрөөдөг эмэгтэйчүүд, хүүхдүүдэд илүү хор
уршигтай болохыг онцолсон байна. Дулаан шийдэл төслөөс 2018-аас 2023 онуудад байшингийн стандартын дулаалгагүй, хагас болон бүтэн дулаалгатай айлуудын гэр доторх бохирдлын түвшинг хэмжих ажлыг хийсэн. Уг хэмжилтээр дулаалга сайн хийгээгүй байшингийн дотор орчны бохирдол гадаах бохирдлоос ч их байгааг нотолжээ.

Гэр хорооллын зуухны галлагаа нь Дархан хотын агаарын бохирдлыг сүүлийн жилүүдэд нэмэгдүүлж
байна. Нүүрс түлснээр агаарт ялгардаг, хүний амьсгалын замын тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан PM2.5 тоосонцрын хэмжээ Дархан хотод сүүлийн хоёр жилд өвлийн улиралд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 80-100% илүү болжээ. 2023 онд Дархан-Уул аймагт амьсгалын замын өвчлөлийн түвшин 10,000 хүн амд 1,924.7 байсан нь өмнөх оноос 234-өөр өссөн байна (ЖЭРЭС ОУТББ & МИРИМ, 2024).

Гэр хорооллын өрхүүд байшингаа өөрсдөө барьдаг жишиг Монголд нэлээд түгээмэл бөгөөд ийм стандартын бус баригдсан сууцанд амьдардаг нь өрхүүдийн түлшний хэрэглээг нэмэгдүүлдэг. Энэ нь
гэр хорооллын өрхүүдийн нүүрс түлснээс ялгардаг бохирдлыг улам даамжруулах нөлөөтэй. Улаанбаатар
болон Дархан хотын гэр хорооллын өрхүүдийн дунд явуулсан судалгаануудаас харахад өрхүүдийн 60 гаруй
хувь нь өөрсдөө, найз нөхөд болон хамаатан садны дэмжлэгтэйгээр сууцаа барьсан байжээ.

Доорх зурагт байшингийн дулаанаа алддаг хэсгүүдийг харуулав:

 

 

 

 

 

 

 

 

 

Монголын хот, суурин газрын гэр хорооллын өрхүүдийн амины орон сууцны эрчим хүчний хэмнэлтийг
сайжруулах замаар, агаарын бохирдлыг бууруулах зорилготой Дулаан шийдэл II төсөл нь 2024 оноос
Дархан-Уул аймагт хэрэгжиж байна. Уг төсөл нь Зах зээлд суурилсан болон Хялбар шийдэл аян гэсэн хоёр
төрлийн шинэлэг загвараар хэрэгждэг. Та 7505-2000 дугаарт залгаад энэ өвөл гэртээ дулаан
өвөлжих боломжтой. Эрчим хүчээ хэмнэх, дулаан өвөлжих хүсэлтэй өрхүүд дулаалгын үйлчилгээг цогцоор нь нэг дороос авах боломжийг Дулаан шийдэл II төсөл танд олгоно. Та төслийн дугаарт холбогдон байшингийн дулаан алдагдлаа хэмжүүлж, энэхүү хэмжилтийг үндэслэн сургагдсан барилгын бригадууд стандарт хангасан дулаалгын материалаар таны байшингийн дулаалгыг чанартай хийж гүйцэтгэх
болно. Мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүсээр байшингийн дулаан алдагдлаа хэмжүүлэх нь өөрсдөө таамаглан
байшингаа дулаалснаас хамаагүй илүү үр дүнтэй болдог нь үйлчилгээ авсан өрхүүдийн туршлагаас
харагддаг. Мөн амины орон сууцаа дулаалуулж, эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээ авах нь байшингийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өрхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг.

Дулаан шийдэл II төслийн хүрээнд байшингаа дулаалуулсан Улаанбаатарын өрхүүдийн 11.3% нь сүүлийн нэг жилд байшингийн үнэлгээ нь өссөн гэж үзэж байна.

Дарханд барилгын ажил олон жил гүйцэтгэж ирсэн туршлагатай, төслийн дулаалгын зөвлөхийн сургалтад
суусан зөвлөх өөрт нь захиалга өгсөн өрх дулаалгын стандарт хангаагүй, буруу баригдсан амины орон
сууц худалдан авсан харамсалтай тохиолдлын тухай дурдсан юм. Ийм тохиолдолд нэгэнт өндөр үнээр
байшин худалдан авсан хүн дахин өндөр зардлаар дулаалгаа хийлгэх нь санхүүгийн хувьд маш хүндрэлтэй
болсон гэдгийг дулаалгын зөвлөх онцоллоо. Иргэд зөвхөн амьдардаг байшингийнхаа дулаан алдагдлыг
хэмжүүлэхээс гадна шинээр амины сууц худалдан авахын өмнө дулаалга стандартын дагуу хийгдсэн
эсэхийг шалгуулдаг болох нь зүйтэй. Дулаан шийдэл төслийн хүрээнд байшингаа дулаалахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй өрхүүдэд зах зээлийн хүүгээс доогуур, хөнгөлөлттэй ногоон зээлд хамрагдах боломж нээлттэй байдаг. Мөн стандарт дулаалгын үйлчилгээ авахад санхүүгийн хувьд боломжгүй бол Хялбар шийдэл аянд хамрагдсанаар гарын доорх хямд материал ашиглан сууцаа дулаалах боломжтой. Амины орон сууцаа хямд төсөр аргаар дулаалах зааврыг алхам, алхмаар маш ойлгомжтойгоор тайлбарласан видео, гарын авлагуудыг нэг дороос буюу төслийн www.dulaalga.mn сайт, фэйсбүүк дэх “Дулаалгын хялбар шийдэл аян” пэйж хуудас болон GERES Mongolia нэртэй YouTube
сувгаас авах боломжтой.


Та гарын доорх материал ашиглан хана, шал, хаалга, цонх зэргээ зааврын дагуу өөрөө дулаалж 16% хүртэлх
эрчим хүчний хэмнэлтийг бий болгох боломжтой. Байшингаа эрчим хүчний хэмнэлттэй болгож дулаалснаар иргэдийн бие болон сэтгэл зүйн эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирч, цахилгаан түлшний
зардлаа хэмнэх боломжтой. Дулаан шийдэл төсөлд хамрагдсан Улаанбаатарын өрхүүдийн дунд хийсэн судалгаагаар байшингаа дулаалсан өрхийн гишүүдийн биеийн эрүүл мэнд байшингаа дулаалаагүй өрхийн хүмүүстэй харьцуулахад 14%-иар, сэтгэл зүйн эрүүл мэнд 19.2%-иар өссөн гэж дүгнэжээ. Мөн түүнчлэн,
байшингаа дулаалснаар гэрийн температуртаа сэтгэл хангалуун байдал 16.5%-иар нэмэгдсэн байна.
Байшингаа дулаалж эрчим хүчний хэмнэлттэй болгосноор иргэдийн бие болон сэтгэл зүйн эрүүл мэнд эрс дээшилж, улмаар эрчим хүч хэмнэснээр агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг дорвитой бууруулдаг болохыг нотолсон олон арван судалгааны ажлууд Шинэ Зеланд, АНУ, Их Британи зэрэг олон орнуудад хийгдсэн байдаг. Дулаан шийдэл ттөсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4,858 өрхийн байрыг дулаалж, 6,939 тонн хүлэмжийн хийг бууруулжээ. Амины орон сууцаа дулаалснаар зуухаар галладаг өрхүүд түлшний мөнгөө, цахилгаанаар халаадаг бол цахилгааны төлбөрөө хэмнэх боломжтой. Зөвхөн санхүүгийн хэмнэлтээс гадна сууц дулаахан, тохитой болж, зуух галлах ажлын тоо буурснаар чөлөөт цаг нэмэгдэх нь амьдралын сайн сайхан байдлыг нэмэгдүүлнэ. Хамгийн чухал нь гэрийн доторх агаарын чанар болон гаднах агаарын чанар сайжирснаар эрүүл орчинд амьдрах боломжтой. Гэр доторх агаарын бохирдолд гэртээ олон цагийг өнгөрүүлдэг бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, өндөр настан болон архаг, хууч өвчтэй хүмүүс хамгийн их өртдөг.

Та www.dulaalga.mn вэб сайт болон “Дулаан шийдэл төсөл” фэйсбүүк хуудсанд зочилж дулаалгатай
холбоотой мэдээ мэдээлийг авах боломжтой. Та амины орон сууцаа дулаалж, эрчим хүчний хэмнэлттэй
болгосноор өрхийн санхүүгээ хэмнэж, өөрийн болон гэр бүлийн хайртай хүмүүсийнхээ эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулаарай.

Холбоотой мэдээлэл

Back to top button