ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгодог боллоо

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаал гаржээ. Уг тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг үүрэг болгосон байна.
Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэлжээ.


Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр сунгаж 7 жил болгохоор боллоо. Харин зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоологдсон алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгах юм.
Тухайлбал, ЖДҮХС-гийн 100,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нэг аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход 8-20 сая төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүснэ гэж тооцжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх бөгөөд энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орох эерэг нөлөөтэй байна.



